Monday, May 30, 2011

Буянтай сайхан ээж

/Дугаарын шилдэг бичлэг/
Эргэх хорвоод тохиох баяр, гуниг, амин чухал зүйлээ хамгийн түрүүнд л ээждээ дуулган, ээжийнхээ санаа бодлыг сонсож байж сая санаа амардаг. Ээж минЬ гуньсан үед минЬ зоригжуулан, жаргаж баярлахад минь сэтгэлээсээ хуваалцдаг миний бидний хамгийн дотно хүн. Алс хол байгаа ээжтэйгээ удаан уулзаагүй болоод ч тэр үү, ээжийгээ холоос маш ихээр санаж улам их хайрладаг.Миний ээжийг Дамбийгийн Оролмаа гэдэг энгийн нэгэн амьдралтай, гудамжаар алхах мянга мянган эхчүүдийн нэг. Ховдын Улиастайн ам гэдэг газар 1950 онд төрөөд 17 настайдаа Улаанбаатарт ирж аавтай минЬ гэр бүл болсон гэдэг.Ээж минь насаараа Худалдааны 1-р конторын Хүнсний 20,57, 33,60,64,-р дэлгүүрүүдэд худалдагч, касс хийж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт сууж байна. Миний ээж Алдарт эхийн II одонтой. Миний ээж их наргианч хөгжилтэй, найзууд нь Өөшкө гэж дууддаг, байнга л инээмсэглэн явдаг ээж минь миний хувЬд энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй.
Ээж маань таван хүүхдээ өсгөх, гэр орноо авч явах, хоол унд хийх, дээл хувцас оёх, гээд дандаа л ямар нэгэн ажилтай, одоо санахад аливаа ажилд маш зүтгүүр хичээнгүй эхэлснээ заавал дуустал нь хийж, санаа нь амарна. Би ээжийнхээ залуухан, сайхан инээмсэглэсэн тэр үеийг нь юу юунаас илүүтэй хайрладаг. Тэр үеийн 510-ын өсгийтэй гоё гутал өмчихсөн, булган захтай палЬтотай залуухан ээжийгээ дагаад явах ямар бахархалтай бас гоё байсийм бэ?.
Би багадаа оройд тог тасраасай л гэж хүсдэг хүүхэд байсийм . Тэгэхэд ээж маанЬ биднийг тойруулж хэвтүүлээд зөндөөг их хөгжилтэй зүйл яринаа. Хотод яаж ирснээ, аавтай яаж танилцсанаа , анх ээжтэйгээ зах гарч, алтан ээмэг хэрхэн авах гэж байсан гээд л. Бид маш их хөхөрдөг байж билээ .Аав тэгэхэд дуугүйхэн л инээмсэглэн сонсдогсон. Аав ээж хоёр минь бүтэн сайн өдөр биднийг босоход гал тогоонд боорцог хийгээд, будаатай цай чаначихсан угтанaa.Ээжийн чанасан цай, хийсэн хоол цаанаа л амттай , өег цатгана гэж яана. Манай ээж их уран юмхнаар юм хийчихнэ, заримдаа нүдээ аниад бодохоор ээж минь шөнө биднийг унтуулчихаад л юмаа оёод, аав маанЬ гал түлчихсэн тамхиа татаад сууж байгаа тэр дүр л дандаа харагддаг юм. Нойрон дундаа хараад их л өрөвддөг байсийм.
 Бага балчир бидэнд цэцэг навч тасдах, амЬтан алахыг цээрлүүлдэг, Гандангаас рашаан авчраад л бидний гар нүүрийг угаалгаад л их сүсэгтэй хүн дээ, миний ээж. Аав ээж хоёрын маань залуу сайхан, дуу хууртай, эрч хүчтэй нас нь бидний хөгжилтэй бага настай цуг байлаа. Хүүхэд насны, жаргалтай тэрхүү зурвасхан үе минь миний сэтгэлд хэзээд наран мэт гал халуунаар мандаж байдаг. Өнөөдөр хүүхдүүд нь том болцгоож, тус тусын амьдралыг хөөж, гурав нЬ гадаадад, хоёр нЬ Монголдоо харин ээж минь аавын минь гал голомтыг сахин амьдран суугаа. Манай аав ээж хоёр есөн ач, дөрвөн зээтэй өнөр өтгөн айл даа. Тэднээс зургаа нь Европт төрсөн. Энэ урт хугацаанд үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө амьдралын зовлон, хатуу сорилтонд бууж өгөлгүй, цэх шулуун зогсож чадсан, ээж минь. Унах тоолондоо босох ухааныг олж чаддаг, босох тусамаа ээж минь бусдыг л өрөвдөн асардаг хүн дээ.
Зовлон жаргал ээлжилсэн хуурамч, хувьсахын энэ хорвоод анх аав, ээжийгээ хүндээр өвдөхөд хатуу хорвоод гомдож, тэднийгээ өрөвдөн хачин их харамсаж билээ. Миний амьдралын бүх л мөч хором, үйл хэрэг “ээжтэй” гэх тодотголтой, ээжийгээ баярлуулахын төлөө байсан мэт санагдана. Хүнд үе ,муухай өвчнийг давж, амьдралд эргэн ирж, хацар нь ягааран, хөлс нь чийхран, харц нь тавирахын цагт аав, ээж хоёр минь ямар их үнэ цэнэтэйг, зүгээр л хажууд минь харагдаад байх нь хүртэл хичнээн их аз гэдгийг тэгэхэд маш их ойлгож билээ. Ээж минь гуниглах , баярлах нь амархан бас өхөөрдөм. Улаа бутарсан инээсэн царай нЬ түргэн хувирана. Сайн муу юмыг зөнгөөрөө их мэдэрдэг. Бидний төлөө залбиран бүх сайхан бодол ерөөлийг шингээн бурхандаа чин сэтгэлээсээ сүслэж, аврал эрэн, үр хүүхдүүдээ Бурхандаа даатган сүү цайгаа өргөн зогсох ээжийгээ бодохоор энэ ертөнцийн аюул болгоноос ээж минЬ аврах шиг.. Одоо л ээжтэйгээ уулзахаар ааваасаа асууж амжаагүй, ээжийнхээ хүүхэд нас, юу хүсч мөрөөдөж явсныг нь асуунаа л гэж байнга боддогийм.. Миний сайхан ээж охиноо хүлээж байгаа гэж бодохоор гуйгээд л харьчихмаар үе маш их байдаг. Ээжийн хайр, өршөөл энэрэл нь хязгааргүй учраас аав, ээжийн минЬ буян биднийг байнга л дагадаг юм шиг санагддаг. Ээж шиг минь бидний баярыг өөрийн юм шиг хуваалцах,бидний зовлонг өөрийн юм шиг үүрэх хүн хорвоо дээр өөр хэнсэн билээ? Миний сайхан ээж Монголын бүх сайхан ээжүүд, эрүүл энх байцгаан, урт удаан насалж үр хүүхэд бидэнтэйгээ үргэлж хамт байгаасай!
Хорвоод ганцхан байдаг хамгаас хайртай ээждээ
Ээж таныхаа бүүвэйн дууг сонсож өссөн болохоор охины чинЬ сэтгэл уяхан байдаг юм
 Ээж таныхаа бүлээн сүүг залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг юм
 Ээж таныхаа бүтэн хайранд өлгийдүүлэн өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Ээж таны залбирал тань ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг шүү, Ээж ээ!
 Өглөө бүр цайныхаа дээжийг өргөхдөө ээж минЬ биднийг л бодож
 Үдэш бүр бодолд хулжин хэвтэхдээ биднийгээ л саналгалзана, ээж минЬ
 Өдөр шөнө хоёр шиг зовлон жаргал ээлжлэн ирдэг хорвоо дээр одоо л
 Ээж минЬ та бид тавыг л хамтдаа тойруулан суулгахыг л хамгийн ихээр хүсээ дээ
Холын газар суугаа хонгорхон хүүхдүүд минЬ ээ
 Ээждээ ирэлгүй удсан энхрийхэн үрсүүд минЬ дээ
 Хүний газар та нар минЬ уйлж явна уу, дуулж явна уу? гээд
 Зүрх нЬ хайлан уяран суугаа ээж минЬ та сайн сууж байна уу ?
Нас ахих тусам ээжийдээ бид яаран тэмүүлэх юм
 Налан сууцгаагаад эрхлэн нялхамсмаар байна ээждээ
Хоног тоолон хүлээж суугаа таныхаа сэтгэлийг амраан
Хүүхдүүд нЬ цөмөөрөө ээждээ удахгүй очноо, Ээж ээ.
 
Сэтгэлийн цацлаа бичсэн: Бадамханд, Энхтөр,Сэлэнгэ, Бадамцэцэг,Банзрагч

Thursday, May 26, 2011

Ижий минь жаргасан уу, зовсон уу гэж ахин дахин сэтгэлд ургадаг

/Дугаарын шилдэг бичлэг/

Ижий минь жаргасан уу, зовсон уу гэж ахин дахин сэтгэлд ургадаг. Ааваас минь хойш энэ хорин жилд бүх хүүхдээ айл орон болгож, амьдрал ахуйтай нь хүний зэрэгт залгуулжээ. Тэгэхлээр хүн ёсны үүргээ сайн гүйцэтгэсэн хүнд ийм асуулт тавих нь илүү хэрэг.
Зун зунд нутагтаа очих сайхаан. Аав ээжийн гэр, өсч төрсөн нутгаа монгол хүн юугаар солих билээ. Нутагтаа очиж, ижийтэйгээ сар болоход бие тайтгарч, сэтгэл нялхран ухаан уужрах шиг болдог. Ижий минь ертөнцийн ёсыг үзүүлээд жил тойрон болжээ. Одоо л харин ижий минь үнэхээр харагдах бараа, хайх мөргүй болжээ гэдгийг урьд урьдаасаа илүү мэдэрч, хоногийн шөнөөр илүү их өрөвдөн үгүйлж, байн байн нүдэнд нулимс хургаж, сэтгэлд ургах боллоо. Түүнээс биш нутагтаа, муу гэртээ л сууж байгаа юм шиг санагдаж, нутгаас хүн ирсэн дуулдвал хэрэг болгон очиж уулзан ижийгээ асуумаар, нутаг явж байгаа хүнээр ижийдээ чихэр боов даймаар болдог байлаа. Дэлгүүр хоршоогоор явж эжийдээ тохирох, зөөлөн, аятайхан амттайг шилж сонгон, түүнийгээ боож эжийдээ өгч явуулж байсан үед хорвоо дүв дүүрэн, ямар их жаргалтай байсныг одоо л ухаарч байна.
Миний эжий Цэнджавын Гармаа нь Сантмаргаз сумын Баяннуурын бүсгүй. 1927 онд төрсөн. Дээрээ Тулга гэж ах, Тогооч гэж эгчтэй, айлын гуравдах охин.
                Эжий минь гол гаталж, говь туулан нүүдэллэж явахдаа аавтай минь танилцаад хадмын нутагт үлдсэн холын бэр. Хэдэн жил өнжиж байж нутагтаа очиж хөгшүүлтэйгээ золгоод арагшаа ажил амьдрал, үр хүүхэд бидэндээ яарч буцдаг монгол эхчүүдийн нэг.
Ээжийн минь өвөөг Төмөр дарга гэж, эмээг нь Булган гэдэг байсан гэх. Төмөр дарга гэдэг учир бол Сантмаргазад түүхийн их нүүдлээр үлдсэн нэг барга отог байдаг. Тэр отгийн тэргүүн байсан тул тийнхүү нэршжээ. Энэ тухай Монгол улсын Угсаатны зүйн III ботид нилээн тодорхой тэмдэглэн бичсэн байдаг. Тэднийхнийг бичээчийнхэн гэдэг. Бичээчийнхнээс Улиастайн газар бичиг хэрэг хөтлөгч байсан төдийгүй Төмөр дарга, Чимиддамба, Баяр бантхай гээд эрдэмтэй лам гавж, шинжлэх ухааны гавъяат түүхч М.Санждорж гэх мэт цаг цагт эрдэм номтой хүмүүс төрж байсан байдаг. Бичээчийнхний дээд удам Дэмбэрэлээс хорин нэгэн хүүхэд төрсөн гэдэг. Тэгэхлээр би Сантмаргаз зүгийнхэнтэй бүгдтэй нь төрөл байхаа гэж боддог.
Эжийн маань аав Цэнджав нь төвд, монгол, хятадтай хүн Завхан аймгийн төвийн сургуулийн анхны багш нарын нэг, улаан хувьсгалч тэрээр хожмоо хоршоо дарга хийж байгаад гучаад оны давалгаанд хамуулжээ. Эцгийг нь аваад явсны хойхно гэр орон, мал хөрөнгийг хуу хаман хурааж авахад дөрвөн нялх ач зээтэйгээ хөгшин эх Булган нь үлдсэн гэдэг. Ингээд Булган эмээ нь хүү Баяр, ач Тулга, Гармаа, Санждорж нартайгаа нэг өрх ам болсон байна. Нутгийнхан нь унь, хань, тооно тал талаасаа цуглуулсаар жижигхэн гэр барьж өгчээ. Тарлан цоорхой бүрээстэй болохлоор үхэр баангуут хүйдэс болохоос нь өмнө гэрийнхээ цоорхойг шавж хаасаар нэгэн өвлийг давжээ. Зун нь баруун сумаас тууварчид ирж цай уунгаа сүргийнхээ ноорч суларсан ноосыг авч болно гэснээр дөнгөж арав гаран настай ээж минь дүү нараа дагуулан очиж ноостой болсноор эсгий хийж, гэрээ хөөрхөн бөмбөгөр цагаан болгосон доо гэж дүү түүхч Санждорж нь хуучилдаг байсан юм.
Эжийг минь аавтай айл гэр болоход авга ах Баяр бантхай эцэг эхийнх нь өмч хувь гэж зуу гаруй хар толгойтой хонь өгсөн гэдэг. Баян баргын удмын хишиг буянтай халуун хошуутай тэр мал аав ээжийн минь хөдөлмөр зүтгэлээр түм түмээр өсч манай аавын хотыг нүнжиг буянаараа бялхаан байсан төдийгүй эдүгээ миний дүү Эрдэнэ-Оргил ч тоос нь тос гэж дээдлэж явна аа.
Нутгийн залуучууд эрүүл ч согтуу ч “Талын Гурван Улаан”-ыг ганхасхийгээд дуулаад очиход ижий минь тэдэнд архиа сөгнөдөг гэсэн. Тэгээд тэд Гаажаа охин чинь танд зориулж дуу зохиож байна уу гэхэд ээж минь
– Зохионоо, зохионо. Ээжийн тухай дуу их олон болохоор бас хэцүү гэдэг байсан гэнэ. Ээж минь өөрөө бас дуу шүлэг зохиодог байсан юм шүү. Жаран долоо найман оны зудыг манайх борлонгийн гарзгүй давсан юм. Түүндээ эрэмшсэн юм уу хоёр ч шүлэг зохиосон байсан бөгөөд өвөл амралтаар очиход надаар бичүүлээд аймгийн сонинд явуулсан юм даг. Нагац нар минь номтой хөгшчүүл байсан болоод тэр үү, ээж минь домог, хууч үлгэр их мэднэ, маань сайхан хөгжөөнө, цагаан ногоон дара эхийг шажигнатал уншина. Одоо бид төдийгүй ач зээ нар нь маань хөгжөөх, үлгэр ярих, зарим нь дара эх мэгзэм уншихаараа хаа ч газардахгүй шүү.
Эжий минь сайхан дуулна, сайхан найрлачихна. Алив нэгэн найр хурим болоход аав ээжид хандан: -За самгаан дуугаа гэж, ээж “Би дуулахгүй бол хэн дуулахав” гэсэн шиг уриалгахан авч дуу эхэлдэгсэн. Хэдэн жилийн өмнө телевизийн сэтгүүлчид очиж зураг авсны орой бид шөнө дөл болтол дуулцгаалаа. Дуулахад, холоос зочин ирэхэд нутгийн уул ус баярладаг гэдэг. Ижий минь нэлээд хөөрчихсөн “Цагаан толгойтой хөгшинд бий шүү” гэж авдраасаа нандин идээ будаа архи дарс гаргаж байсансан. Бас зөндөө их дуулсан. Хүмүүс ижийг минь сайхан дууллаа гэхэд
                Алт гэдэг шармал
                Амьдарна гэдэг нь жам
                Мөнгө гэдэг нь цагаан
                Мөнхарнө гэдэг нь худлаа…гэж байгаа юм шүү дээ гэж дууныхаа үгийг тодруулан хэлээд дуулж байж билээ. Орчлон ертөнцийн жам ёсыг хэлээд дуулахад болж л байсан. Харин тулаад ирэхэд, туулаад гарах нь хүнд юмаа. Жаргасан жаргал, хайрласан хайр, энэрсэн энэрэл, ачилсан ачийг эргэж ухааруулахын тулд орчлон хагацаадаг бололтой. Энэ нь эргээд амьдрал гэдэг ийм үнэтэй, гэгээн, тунгалаг жаргалтай, иймээс амьдралыг хайрлах учиртайг өгүүлдэг хэрэг.
Уржнан ижийтэйгээ хоёр сар гаран болсонсон. Миний жаргалтай, тайван, ахин ирэхгүй сайхан үе тэр зун намар байж уу. Өвдөх өвчин, хэвтэх хуучгүй ч ижийдээ тэр намар нэг л хоргодоод болдоггүй ээ. Би ажлаасаа чөлөө авлаа. Цаг, ажил хоёроор далайлгалгүй, эжийтэйгээ хамт нэг намрыг авах хувь боломжийг олгосон хүрээлэнгийнхээ удирдлагад баярлаж явдаг юм. Намайг арван сар гартал байхаар болсныг сонсоод ижий минь баярлаж байна. Найман сар өнгийлгөөд айлууд намаржааллаа. Бид зуслан дээрээ ердөө л хоёулхнаа байх болов. Хүнгий голын хөвөөн дээр, хүйтэн харз устай, сэрүүн дэнж болохоор ижий минь зусландаа илүү дуртай, ямартаа л “Хос сайр ижий минь” гэдэг байх вэ. Ижийдээ би бараг сүүлийн энэ зун л өглөө цайг нь чанаж өгсөн байх аа. Эргээд бодоход ээж минь сүүлийн зунуудад тогоондоо бага сүү загсаадаг болсон байлаа. Хааяа зарим өглөө сэрэхэд галлаагүй байна. Тэгэхэд хөөрхий минь загсаасан өрмөө өргөж дааж гаргаж чаддаггүй байж л дээ.
                Хоёулаа юм ярьж, хуучилж тааваараа удаан цайлна. Дараа нь би тугалаа тууж ирэнгээ ганц хоёр араг аргал түүнэ. Эх нь бараагүй бол ахиухан түүх санаатай жаахан удвал ээж дуран барьчихсан гаран орон бөмбөгнөн яваа харагдахаар бушуухан харина. Үхэр иртэл аарц буцалгаж, чихэртэй ааруул хэвлэнэ. Богийн сүүгүй өдий цагийн найман сарын монголын сүү дангаараа олигтой ааруул болдоггүй юм. Энэ жил харин шинэ юм сурлаа. Дал гарчихаад бас л юм сурдаг байна шүү. Миний хүү ааруулын хөөрхөн хэв мэдэж байгаарай гэнэ. Бас хоёулаа тос гүзээлнэ. Голын хүмүүс ирэхийг дөхүүлээд цай, гамбир бэлдэнэ. Нутгийн залуучууд голд малаа услангаа ирж цай ууна. Нутгийн улс болохоор дотроо бас бид хоёрыг эргэж яваа хэрэг. Хэд хоноод сумаас Майлаа Эгчээ хоёр чихэр боовтой ирж шуугина. Саалийн хэдэн үнээ бага үдийн алдад гол гатлаад гараад ирнэ. Нэг удаа есөн сарын аравдаар цас орж хүйтэрч шуурав. Тэр өдөр үхэр саахад миний чигчий хуруу даарсандаа тасрахаа алдаж билээ. Жилийн жилд нутгаас өвлийн эхээр нутгийн унаа машинаар хэдэн гүзээ тос, аарц ааруул ирдэгсэн. Ижий минь хэчнээн намрын оройтож ирэх үхэр харуулдан, нойроо хугаслан даарч байж авдаг идээ байсан юм билээ. Бид хотын хүүхдүүд нь ижийн тос аарц, тарагны амттай сайхныг гайхаад хуваагаад авчихдагсан. Ер нь ээж минь идээний гартай хүн байсан юм. Ямар ч цагт идээ цагаа бялхаж л байдагсан. Тиймдээ ч олон жил нэгдлийн ашиг шимийн аварга болсон. Дандаа давуулж биелүүлнэ. Тэгээд дараа нь өөртөө зөндөө их тос ааруул авна. Сургууль байхдаа аавыг хааяа төв орж ирэхэд хамтдаа амбаарт ороход сумын агуулах шиг уутаар ааруул, том том савтай тос пингийн нуруунаас зүүлттэй байдагсан.
                Ээжтэйгээ хоёулхнаа байх энэ хугацаанд юу эсийг ярих вэ. Бид настай улсыг илүү хошуу нэмлээ, хэрэгт дурлав, дуугүй бай. Хоол цай байна, дутуу юм алга, өөр юу хэрэгтэй юм гэцгээдэг. Гэтэл тэр хүмүүст инээх, ярих, хөөрөх, сэтгэлийн хань хэрэгтэйг мэддэггүй. Ижий минь тэр намар дал гартлаа юунд баярлаж, юунд гомдсон, хэнтэй сайдсан, муудсан бүхнээ сэтгэлээ уудалж ярьсан байх. Сүүлд үүнийг зөв байж гэж бодсон. Хүн амьдарсан амьдралаа эргэн харж, шүүж, сэтгэлийн бүх тайллаа тавибал хорвоод сэтгэл хурьцахгүй болдог байх аа гэж бодсон. Гэхдээ эргээд бодоход асууж лавлах зөндөө юм үлдсэн байсан. Мэдээж дал гаран жилийн түүх дал хоногт яаж багтах вэ.
                Оройд орыг нь засаад, шүүсэн тараг хоршиж өгөхөд их тааламжтай. Мөн урьдынхаа адил усанд оруулж, үсийг нь засч, хумсыг нь авч, хувцас хунар, гэр орныг нь арчиж угаахад яг л бага хүүхэд шиг баяртай байдагсан. Гэтэл энэ маань арваад хүүхэд төрүүлж өсгөж, говийн өвлийн жин жавар сөрсөн нүүдэл, хаврын нүдгүй хавсарганаар авсан төл, хөлгүй улаан мананаар самнасан ямаа, хөөвөрлөсөн үхэр, адуу, зуны гал шиг нарнаар борлуулсан цагаан идээ, зуу зуун тэнгээр эгнэх үүрсэн аргал, улирал улирлын амралтаар арван хэдэн том жижиг гутал эгнүүлж тавиад лааны гэрэлд бөхөлзөн, хатуу ширэнд өндгөө цоочин цоочин уллаж байсны дэргэд юусан билээ.
                Бага дүү Оргио минь хонь услаад голд орж ирнэ. Ирэхдээ бид хоёрт мах шөл дөхүүлнэ. Тэгээд энэ ээ тэр ээ гэж өнжөөд, сүүлдээ үхрээ сааж дуусахаар чинь голоор гаргачихаад…гэх мэт хойшлуулсаар нар жаргахаас өмнөхөн л морддогсон. Энэ нь хорвоо намаршиж, хором хормоор цаг эргэлтгүй буцаж байгааг хэн хэн нь сайн мэдэрч байсных. Цахилж байгаа цагийг зогсоох арга үгүй. Цаг нь болсон бол мянган бурхан хүрээлээд ч нэмэргүй юм гэнэ лээ гэж ижий минь ярьдагсан. Мянган бурхны эжийг үхэл авах гэж ээрэхээр нь эжийгээ бадар аягандаа хөмөрч нуугаад мянган бурхан өөрсдөө гурван давхар хүрээлэн сууж гэнэ. Түүнийг явсны дараа аягаа сөхтөл эжийг нь аваад явчихсан байсан гэдэг. Цаг нь болсон бол мянган бурхан ч хүрээлээд нэмэргүй юм гэнэ лээ гэдэгсэн.
                Хот руугаа буцахдаа би бас “ээжийг дагуулаад” эжий ч дагаад явах бодолтой хоёул Алдархаанд Нанжидсүрэн ахынд ирэв. Гэвч хот явж амжихгүйгээ замдаа мэдсэн л дээ. Тэгээд ахынд хамт хэд хоноод би буцав. Харин хоёрын хоёр сар хамт байчихаад яг буцахдаа эжийдээ үнсүүлж чадаагүй юм. Явах машин өглөө их эрт ирэв. Миний тухайд бол аймаг ортол хагас цаг ч хүрэхгүй хойно цай цүү санаанд орсонгүй. Юмаа машинд хийчихээд гэрт орлоо, ээж алга, гадаа гарлаа алга. Ээж! гэж дуудаад гэр тойрлоо, байдаггүй. Намрын намарт олон жил олон хүүхэд үдсээр байгаад зүрх нь эмэрчихсэн юм билээ. Сүүлд нэхэж бодоход бидний явах унаа тээр баруун урд Бор үзүүрийн хөтөл дээгүүр гараад ирэхэд, бид бужигнаж эхлэхэд ээж ач зээ нараа босон суун үнсчихээд яах вэ, ийх вэ гэж хойно урд орж бөмбөгнөж байснаа нэг мэдэхэд тугалын урдуур ч юм уу өөртөө ажил гаргаад нэг тийш явчихна. Гол гатлаад бид суух машиндаа хүрч айван тайван болж, морь малаа буцааж байх үед ээж гэрийнхээ үүдэнд сүү өргөн торойж зогсоо харагдана. Тэгэхэд бид голын тэртээгээс дуудан далладагсан.
                Сумын төв дээр, суурин газар эжий минь идээшсэнгүй. Өвлийн гурван сарыг дөнгөж өнгөрөөгөөд цагаан сарын өмнөхөн хөдөө рүүгээ Хөтөл-Ус руугаа хүчрэгдэхгүй нүүсэн байлаа. Миний бага эрэгтэй дүү Оргиог сумын төв орж ирэхэд нь нүүнэ гэж дагажээ. Нүүх болоогүй. Цагаан сар өнгөрөөгөөд нүү гэхэд, ахин дахин шалж, нөгөөх нь авч нүүхгүй гэхэд “Тэрэгтэй нь ганцхан чи юм уу. Тэтгэврийнхээ мөнгөөр тэвштэй юм олоод араас чинь нүүж очно” гэж. Тэгээд дүү минь аргагүй ачаалаад явжээ. Ингээд Ах тайжийнд бэр болж ирснээсээ хойш тавь гаран жил нялх төл хүлээж авсан тэр л хаваржаандаа, Цагаанчулуутдаа жаргалтай зовлонтой хорвоог гэтлэн үүрд амарсан байлаа. Гэлээ ч ингэвэл яах байсан бол, тэгэх л байж дээ гэсэн харуусал зүрхэнд шуурсаар… Алтаар хөшөө босгоод яах билээ. Ахиад ганц удаа ч болох нээ босгоод уулзах биш. Аав, ижийдээ амьд сэрүүнд нь очиж золгож, бараагаа харуулж, зулайгаа үнэрлүүлж байвал ачийг нь хариулахын дайтай үнэт бэлэг ердөө л тэр юм аа.


Доктор(Ph), дэд профессор, яруу найрагч, Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан бригадын  Доржпаламын Сумъяа.
               
­­­­­




Сэтгэлийн эгшигт хадаг

Ээж Ж.Лхагвасүрэндээ зориулав.

Сайн байна уу, ээж ээ! Бурхны орноос биднийгээ тольдон суугаа тандаа эв хавгүйхэн үгтэй энэхүү захидлаа сэтгэлийн эгшигт хадаг болгон илгээе.
Хүүгийнх нь ажил сайн, амьдрал түвшин сайхан байгаа. Нарт ертөнцөд ганцхан заяах нандин эрдэнэ таныхаа хэвлийд нар салхи, халуун хүйтнээс халхлагдан, халуун цус, бүлээн амьсгалаар тань тэжээгдэн есийн есөн сар тээлгэн, турьхан биеийг тань зовоож байж мэндэлсэн билээ. Төрснийхөө дараа ч зүгээр байсангүй сар гаруй эмчлүүлж, эмнэлгээс эмнэлэгт дамжин явсаар их л зовоож байж хүн болсон гэж ах, эгч нар маань хэлдэгсэн. Гэвч та минь надад тэглээ, ингэлээ гэж зовлон тоочилгүй өсгөж өндийлгөөд, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн билээ.
Энэ нартад ээжтэй хүн хамгийн жаргалтай байдаг гэдгийг гэрэлт нартаас явсны чинь дараа л ухаарах юм даа. Амьд ахуйд тань ачлал хайраар бялхуулж чадаагүй арчаагүй тэнэг хүүгээ өршөөгөөрэй. Та минь бурхан ухаантай, уяхан сэтгэлтэй болохоор таныхаа хайр, буянаар одоо хүү тань сайн сайхан явна аа.
Хайр үзээгүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй гэдэг. Харин би аав та хоёрынхоо хайранд умбаж, айлын арван хүүгийн том нь ч биш, бага нь ч биш байсан хэрнээ хамгийн их эрхэлдэг нь байж дээ. Тийм дээ ч хөлгүй их амьдралын далайд гараад газардахгүй яваа нь таны минь хайрын ач биз ээ.
Тэнэгхэн балчир явахдаа таныхаа үгэнд оролгүй зөрүүдэлж, санасандаа хүрээгүйдээ уурлаж байснаа санахаар одоо “Ээж ээ, намайг уучлаарай” гэж хэлмээр үе зөндөө. Даанч энэ үг минь одоо хоолой зангируулан, сэтгэл гонсойлгосон нулимс болон урсах юм даа.
Та минь олонтойгоо ойр амьдарч, ажил мэргэжлээрээ хэнээс ч дутуугүй, төрдөө гавьяагаа данслуулсан, түмэндээ алдраа дуудуулсан, энэ ертөнц дээр эмэгтэй хүнийг харах миний толь минь болсон эгэлхэн монгол эмэгтэй билээ.
Би тандаа хэр их хайртайгаа үгээр илэрхийлж, үзгээр бичиж чадахгүй ч энэхүү захиаг алдхан биеийнхээ элч, алагхан зүрхнийхээөчил болгон илгээе.
Хорвоогийн амьдралыг наддаа заяасан ачит ижийгээ мөнхөд амирлах замд үдсэн ч гэсэн би ээжийн хайраар дутаагүй. Төрөхөөс аваад өсөх хүртлээ ээж таныхаа хайранд умбаж яваад, том болж эр хүн болоод халамжтай сайхан ханьтайгаа учирч, түүнийхээ хайранд өлгийдүүлж сууна.
Энэ орчлонд эхийн хайраар дутахааргүй, дундуургүй дүүрэн заяатай төрсөн би хамгийн жаргалтай хүн. Ээжийн минь үгүйд түшиг минь болсон ханьдаа би хайртай. Голомтыг минь залгах хүүг минь наддаа заяасан чамдаа би хайртай.  
Одоо би ээжгүй хүн биш ээ. Намайг өөрийнхөөсөө өөрцгүй хайрладаг ээж бий. Элбэрэлт ханийн минь ачтан ээжийдээ тандаа төрүүлж өсгөсөн ээждээ өгч амжаагүй ачлал, хүндлэлээ бүхнээ одоо өгч явна аа, хүү тань

Хүү Э. Мөнхтөрөөс нь