Сайн байна уу, ээж ээ! Бурхны орноос биднийгээ тольдон суугаа тандаа эв хавгүйхэн үгтэй энэхүү захидлаа сэтгэлийн эгшигт хадаг болгон илгээе.
Хүүгийнх нь ажил сайн, амьдрал түвшин сайхан байгаа. Нарт ертөнцөд ганцхан заяах нандин эрдэнэ таныхаа хэвлийд нар салхи, халуун хүйтнээс халхлагдан, халуун цус, бүлээн амьсгалаар тань тэжээгдэн есийн есөн сар тээлгэн, турьхан биеийг тань зовоож байж мэндэлсэн билээ. Төрснийхөө дараа ч зүгээр байсангүй сар гаруй эмчлүүлж, эмнэлгээс эмнэлэгт дамжин явсаар их л зовоож байж хүн болсон гэж ах, эгч нар маань хэлдэгсэн. Гэвч та минь надад тэглээ, ингэлээ гэж зовлон тоочилгүй өсгөж өндийлгөөд, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн билээ.
Энэ нартад ээжтэй хүн хамгийн жаргалтай байдаг гэдгийг гэрэлт нартаас явсны чинь дараа л ухаарах юм даа. Амьд ахуйд тань ачлал хайраар бялхуулж чадаагүй арчаагүй тэнэг хүүгээ өршөөгөөрэй. Та минь бурхан ухаантай, уяхан сэтгэлтэй болохоор таныхаа хайр, буянаар одоо хүү тань сайн сайхан явна аа.
Хайр үзээгүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй гэдэг. Харин би аав та хоёрынхоо хайранд умбаж, айлын арван хүүгийн том нь ч биш, бага нь ч биш байсан хэрнээ хамгийн их эрхэлдэг нь байж дээ. Тийм дээ ч хөлгүй их амьдралын далайд гараад газардахгүй яваа нь таны минь хайрын ач биз ээ.
Тэнэгхэн балчир явахдаа таныхаа үгэнд оролгүй зөрүүдэлж, санасандаа хүрээгүйдээ уурлаж байснаа санахаар одоо “Ээж ээ, намайг уучлаарай” гэж хэлмээр үе зөндөө. Даанч энэ үг минь одоо хоолой зангируулан, сэтгэл гонсойлгосон нулимс болон урсах юм даа.
Та минь олонтойгоо ойр амьдарч, ажил мэргэжлээрээ хэнээс ч дутуугүй, төрдөө гавьяагаа данслуулсан, түмэндээ алдраа дуудуулсан, энэ ертөнц дээр эмэгтэй хүнийг харах миний толь минь болсон эгэлхэн монгол эмэгтэй билээ.
Би тандаа хэр их хайртайгаа үгээр илэрхийлж, үзгээр бичиж чадахгүй ч энэхүү захиаг алдхан биеийнхээ элч, алагхан зүрхнийхээөчил болгон илгээе.
Хорвоогийн амьдралыг наддаа заяасан ачит ижийгээ мөнхөд амирлах замд үдсэн ч гэсэн би ээжийн хайраар дутаагүй. Төрөхөөс аваад өсөх хүртлээ ээж таныхаа хайранд умбаж яваад, том болж эр хүн болоод халамжтай сайхан ханьтайгаа учирч, түүнийхээ хайранд өлгийдүүлж сууна.
Энэ орчлонд эхийн хайраар дутахааргүй, дундуургүй дүүрэн заяатай төрсөн би хамгийн жаргалтай хүн. Ээжийн минь үгүйд түшиг минь болсон ханьдаа би хайртай. Голомтыг минь залгах хүүг минь наддаа заяасан чамдаа би хайртай.
Одоо би ээжгүй хүн биш ээ. Намайг өөрийнхөөсөө өөрцгүй хайрладаг ээж бий. Элбэрэлт ханийн минь ачтан ээжийдээ тандаа төрүүлж өсгөсөн ээждээ өгч амжаагүй ачлал, хүндлэлээ бүхнээ одоо өгч явна аа, хүү тань.
Хүү Э. Мөнхтөрөөс нь

No comments:
Post a Comment